УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Энэ Засгийн газар нэгэнт Женкогийнх болсон байна. Зэвүү хүрч байна. Хамтарсан нэрийн дор АН-ынх гэхээс илүү Женко Х.Баттулгын ойр хүрээллийнхэн ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банк зэрэг мөнгө, эрх мэдэл үнэртсэн газруудад шургалж байна" гэсэн мэдэгдэл хаврын улс төрийн ширүүн салхийг угалзан шуурга болгож орхив.
Үүний өмнхөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал экс Ерөнхийлөгч Х.Баттулгын улаан нүүр рүү харж байгаад Төгрөг нуурын ордыг буцааж өг гэж шулуухан шаардаад, гурван хайрцаг дүүрэн баримт материалыг АТГ, тагнуул, прокурорт гардуулав. Араас нь залгаад УИХ-ын гишүүн Батсүмбэрэл Х.Баттулга төрийн өнгөтэй өөдтэй үйлдвэр аж ахуй, өмч хөрөнгтөтэй газар бүхний томилгоо жонхуурсныг зарлаж, хууль тогтоох танхимаас Г.Дамдинням, Н.Номтойбаяр, П.Сайнзориг, Г.Ганхуяг, Д.Батлут нар Н.Учралын үгийг дуу дуугаа авалцан баталцгаав.
УИХ-ын залуу гишүүдийн мэдэгдлүүдийн үндсэн мессеж нь “Женко Баттулга Төгрөг нуурын ордыг зарсан хулгайч”
Өнгөц харахад, Женко Х.Баттулга бай нь юм шиг боловч улс төр ойлгодог, мөр хоорон дахийг нь уншдаг хүмүүст бол Л.Оюун-Эрдэнийг онилсон онхолдуулах олон талаас нь бодож боловсруулсан төлөвлөгөө болох нь ил тодорхой байна.
Биллъярд шиг нэгийг нөгөөгөөр цохих цахилгаан төлөвлөгөө нь ”Женко хамгийн том хулгайч юм бол түүнтэй жонхуурч наалдсан Л.Оюун-Эрдэнэ нэг бол цавуу шиг зунгаарсан энэ хүнээсээ өшиглөөд сал, эс бол хамтдаа тэврэлдээд өөрөө тонил " гэсэн үг юм.
Л.Оюун-Эрдэнэ бүх биедээ наалдсан жонхуу цавуунаас салах биш намынхаа хаалга, хатавч бүрд хүн гүйлгэн “Ерөнхий сайдын үүргийн дагуу Н.Учрал мэдэгдэл хийсэн шүү, тэр хоёр хамт шүү, Женкогийн томилгоонуудыг Л.Оюун-Эрдэнэ биш Л.Гантөмөр хийсэн шүү” гэж хэлүүлж байна.
Ард түмнээс засгийн эрх барих мандат авсан ч гэлээ Х.Баттулгад боломжоо булаалгаж, ялалтаа ялагдал болгож алдсан МАН-ын 70, 80 аад оныхон нь бүгд шахуу “зайл” гэж ил хэлмээр байгаа ч нүүрэндээ багтай явна. Товчхондоо МАН-ынхан багтай байна.
Саяхан Л.Оюун-Эрдэнэ сонинд ярилцлага өгөхдөө "Хаа сайгүй баг хууларч байна" гэж хэлсэн нь айсуй аюулаас айж мэгдсэн хүний чичирсэн дуу хоолой юм.
Зуу гаруй жилийн түүхтэй МАН-ыг татан буулгах зарлиг гаргаж, гаднаас нь бүгдийг нь шахамдуулж байсан Х.Баттулга хойморт нь гарч сууж, хоол, цайных нь дээжийг хүртээд суухад дуртай гишүүн байх үндэсгүйг дурьдах нь илүүц шахуу зүйл.
Түүх ч хоржоонтой. МАН-ыг нураахаар дайрч байсан хүн гал голомыг нь самрахаар хойморт тухлахыг тайван хараад удаан суух тэвчээрийн хүлээс задарч байна. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайд болоод Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж байсан нь МАН-ын гишүүд нэр төр, бахархал, үүх түүхэнд нь давхар халдсан "доромжлол, тохуурхал" болсон баримт факт хуучраагүй. Цомхон, хэмнэлттэй төрийн тухай улиг болтол ярьдаг Л.Оюун-Эрдэнэ хяналтын менежер гэх хууль бус орон тоо, сандал буйдан зохион босгож, зөвхөн үндсэн цалин нь жирийн эмч багшаас 4-5 дахин их, машин унаатай, жолоочтой туслахтай, Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийг тохоон томилж байгаа нь гал унтраах биш гал өрдсөн том алдаа боллоо. Хууль бус хяналтын менежерүүд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байхад дарамт шахалтанд сөхөрч, цалингаас цалин, өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрөөж буй олон түмэн үнийн өсөлтийн өмнө цөхөрсөөр.
Н.Учралын хувьд бол гал бүхнийг атгуулчихаад, араас нь хутга зоодог Л.Оюун-Эрдэнийн баг өмссөн царайнаас залхсан гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ ч Миеэ Энхболдын өөдөөс дулдуйдан инээж байсан хэдий ч эгц араас нь "бүлж" унагаан, хүн чанар, ёс жудгийн хувьд хэн бэ гэдгээ батлан харуулж байв. Цэргээр бол дайраад гэж тулаанд оруулчихаад араас нь шүршдэг дарга гэдгээ өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газрын анхны мега төсөл ураны гэрээг шороон шуурга сөрж батлуулан авч гарсны дараах үеийн хавираа бүхнээс харж болно. Хамтарсан Засгийн газрын өрмийг хамсан Х.Баттулга тролл арми, тугалган цэргүүдээрээ зөвхөн Н.Учрал дуртайдаа гэрээ байгуулсан юм шиг хавсайдан харлуулж, ардаас нь урдаас нь хавчин “хутгалж” байгааг улс төрд ойр тэнэг биш бүх хүн нэвт шувт харж байна. Улс төрийн хүрээнийхэн алга дээрээ тавьсан мэт харж байгаа энэ урвалтыг Н.Учрал нүдээ боосон мэт үзээгүй, сонсоогүй явж байв л гэж. Бэртэгчин бол бэртэгчин л байдаг, нэг шарвасан хүн насаараа шарвадаг. Хамгийн хоржоонтой нь "Хаа сайгүй баг хууларч байна" гэж Л.Оюун-Эрдэнэ өөрөө онож хэлсэн. МАН-ынхны баг хууларч байна. Хууран унах багны ард ямар үнэн илрэх вэ? Баг хууларч дуусахад юм юм болно. Бүр их юм болно.
Эх сурвалж: Erennews.mn
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна