Авлигын эсрэг ажиллагаа ба нийтийн сонсголын ашиг

Moderator
2024/01/17

Өнгөрсөн жил Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, хуулийн байгууллагууд ч мөрөөр нь орсон. Үүнтэй зэрэгцэн нийтийн сонсгол зохион байгуулагдсан нь үр дүнгээ өгч байгааг олон нийт ч мэддэг боллоо.


Тэр ч утгаараа өдгөө “НОГООН АВТОБУС”-ны гэж нэрлэгдэх болсон хэргийн үйл явц ямар байгаа нь тодорхойгүй байгаа учраас тун удахгүй нийтийн сонсгол зохион байгуулагдахаар болоод буй.

Нийтийн сонсгол зохион байгуулах нь олон нийтэд авлигын талаарх ойлголтыг тун ч сайн мэдээлсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Учир нь албан тушаалтнуудын эрх мэдэл, улс, нийгэмд учруулсан хор хохирол хичнээн их болохыг шүүх хуралдаанаас бус нийтийн сонсголын үеэр мэдэгдсэн.
Хамгийн сүүлд нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймагт газар олголтоор дамжсан авлигын сүлжээ ил болсныг санаж байгаа биз ээ.
Дөнгөж өчигдөрхөн УИХ-ын чуулганы хуралдаанаар нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг танилцуулсан. 

Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Энэ удаагийн хяналт шалгалт нь шударга ёсыг тогтоож, байгалийн баялгийг ард түмний ахуй амьдралыг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлэхэд зориулж, зүй зохистой ашиглахад нөлөө үзүүлэх арга хэмжээ болсон” хэмээж байна билээ. Мөн 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулснаа дуулгасан.

Ингэсний үр дүнд жижиг “Тавантолгой”-н хувьд Өмнөговь аймгийн ИТХ нь 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажилласан, улстөрд нөлөө бүхий зарим этгээд ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол бүхий этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан зэрэг нь ил болсон.
Мөн хөрс хуулалтын ажил гүйцэтгэгч болон бусад бараа, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөөгүй.

Нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ хэлцэл болон ажил гүйцэтгэгч нүүрс худалдан авагчийн захиснаар жагсаалтыг баталж ирсэн байна

Өмнөговь аймгийн ИТХ-ын зүгээс компанийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд тавих хяналт хангалтгүй. Төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй. Эрх бүхий хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагуудын хяналт үр нөлөөгүйгээс худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй.
Архивын сан хөмрөгийн бүрдэл бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд алга болох, асуудал үүсэхэд мэдэхгүй гээд мэлзэж суух олон байдгийг ч харуулсан. Архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй. Баримт материалаа хүлээлцээгүй. Устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсан.
Харин “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус компанийн орлого ашгаас төрийн шийдвэрээр нийт нэг их наяд 196,5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан байдаг. Энэ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хурлаар шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна. Тавантолгой ордын Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалж нүүрсний 3, 4 дүгээр давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлодог зэрэг асуудлууд ил болсон талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.
Тэгвэл үүнээс өмнө болсон Хөгжлийн банкны сонсголын тухайд Түр хороо гурван үе шат бүхий сонсгол зохион байгуулсан.
Эхний буюу 2023.01.16-2023.01.20-ны хооронд зохион байгуулсан сонсголоор шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Эхний шатны сонсголд нийт 166 гэрч оролцсон.
Харин хоёр дахь шатны буюу 2023.02.06-2023.02.08-ны хооронд зохион байгуулсан сонсголоор 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 67 гэрчийг оролцуулж байв.
Гурав дахь буюу 2023.03.13-2023.03.17-ны хооронд зохион байгуулсан сонсголоор 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн бөгөөд нийт 123 гэрч оролцсон.
Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн хөрөнгийн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар танилцуулсан билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна