Монголын улс төрд МЯНГАН Ч.Хүрэлбаатар байгаад ч нэмэргүй

Moderator
2024/01/08

Одоогоос 11 жилийн өмнө Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцэж байх үед гаднын хөрөнгө оруулагчид 100 мянган ам.долларын эсвэл 50 мянган ам.долларын босго тогтоох эсэх дээр бөөн маргаан болж, эцэстээ 100 мянган ам.доллар дээрээ тогтсон.

Харин энэ удаагийн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд заасан 100 мянган ам.долларын босгыг хасаж оруулж ирсэн.

Үүнийг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж, нэгдсэн чуулганы үеэр санал бодлоо илэрхийлж байв.

Тэгвэл бодит нөхцөл байдал одоо ямар байна вэ?

Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт, гаднын хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгаа юу гэвэл тэрэн шиг хэрэгтэй юм алга. Харин гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад яагаад хөрөнгө оруулахгүй байна вэ? 100 мянган ам.долларын босго гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа юу, үлдээж байгаа юу гэх асуулт хамгийн түрүүнд яригдах сэдэв.

Аргумент 1: 100 мянган ам.долларын босго “дархлаа” болох нь

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сайд энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг гараа өргөөд эсэргүүцсэн. Тэрбээр “Монгол Улсад нэг сая төгрөг хүрэхгүй дүрмийн сантай компани, барилга барьж, машин худалдаж аваад хөрөнгө оруулагч болох юм байна. Үүнийг хөрөнгө оруулагч гэж хэлж болохгүй. Энэ байдлаар 40,50 жилийн дараа бус 10 жилийн дараа монгол үндэстэн энэ газар нутаг дээрээ цөөнх болохыг үгүйсгэх аргагүй” гэж хэлж байв.

Хууль нь өөрөө улс орны хөгжлийн төлөө зориулагдаж байгаа юм бол үндэсний дархлаа гэдэг тэргүүн эгнээний ашиг сонирхлыг хууль санаачлагч гээгдүүлж болохгүй баймаар. Эцсийн дүндээ хүн ам багатай Монгол Улс хөрөнгө оруулагч нэртэй цагаачдын ҮҮР болоход хариуцлагыг Ч.Хүрэлбаатар сайд үүрэхгүй нь тодорхой.

Аргумент 2: Хөрөнгө оруулагчид босго тогтоосон мөнгөнөөс биш ороо бусгаа татварын орчин, уялдаа холбоогүй төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж дайжиж байна

Энэ удаагийн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл 100 мянган ам.долларын босго тогтоосон заалт дээр шууд фокуслаж, хуулийн төслөө магтаж буй. Гэтэл үнэн хэрэгтээ гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын богино настай, сайд дарга нар нь солигдохоор тэдэнтэйгээ хамт үеэ өнгөрөөдөг журам, захирамж, ороо бусгаа татварын орчин, уялдаа холбоогүй төрийн байгууллагын үйл ажиллагаа, удаан настай шүүхийн системд хамгийн бурууг өгч байгааг судлаачид хэлдэг. Энэ талаар олон улсын байгууллагууд ч зөвлөж байв.

Тэгэхээр энэ удаагийн хуулийн төсөл "БАЙ"-гаа олсон эсэхэд эргэлзэх өнцөг бий.

Аргумент 3: Танхимын зарчим хаачив?

УИХ-ын чуулганы үеэр Ц.Даваасүрэн сайд “Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулалтын тухай хуульд босго тогтоох асууудлыг ярьсан. Гэтэл ямар ч босгогүй чуулганаар орж ирж байна. Ингэж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” гэх зүйлийг хэлж байв.

Нэг ёсондоо нэг танхимын гишүүд, цаашлаад Засгийн газрынхаа үндсэн чиглэл, алсын харааг үл тоов уу гэх хардлагыг төрүүлж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.187
    2024/01/09

    Ард иргэд бид эсэргүүцэж байна

    Хариулах