Хүүхэд тойрсон хүний эрхийн асуудал нийгмийн бухимдах сэдэв, эмзэглэх асуудал болжээ. Үүний нэг илрэл нь Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын эрхийн асуудал юм. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 548 дотуур байранд 35 мянга гаруй сурагч амьдардаг гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан байдаг. Тэгэхээр дотуур байрны асуудал гэдэг нь Монгол Улсын 35 мянган хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэх асуудал болж таарч байна.
Энэ хүрээнд ХЭҮК-оос өнгөрсөн онд Ерөнхий боловсролын 79 дотуур байранд хяналт, шалгалтын ажил хийж энэ оны 3 дугаар сард сэтгүүлчдэд танилцуулсан. Ингэхдээ нийтлэг байдлаар дотуур байранд сурагчдын эрх зөрчигдөж байна гэх дүгнэлтийг танилцуулж байлаа. Мөн энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунан “21 дүгээр зуунд бясаатай дотуур байранд хүүхэд амьдарч байгаа нь харамсалтай. Энэ нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа ноцтой хэлбэр” гэж ярьж байв. Мөн ихэнх дотуур байр зориулалтын бус, актлагдсан 1990 оноос өмнө ашиглалтад орсон барилгууд байсныг хэлж байсан. Үүнээс үзвэл дотуур байрны асуудал хөндөхөөс аргагүй сэдэв болсон нь харагдана.
Угтаа бол манай улс MNS 6781 : 2019 буюу “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага”-ыг 2019 оны есдүгээр сард баталсан байдаг. Хэрэв стандартад нийцсэн дотуур байранд сурагчид амьдардаг болчихвол 35 мянган хүүхдийн эрх хангагдах том хүлээлт биеллээ олох юм.

MNS 6781 : 2019 стандартын хэсгээс /standard.gov.mn/
Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг болон Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр холбогдох стандартад нийцэж байгаа эсэх асуудлаар сурвалжилсан юм.
Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн дотуур байрны багш С.Өлзийжаргал
“Сургуулийн дотуур байранд нийт 35 хүүхэд амьдардаг. Дотуур байрны барилга нь 1981 онд ашиглалтад орсон. Харин 2006 оноос сургуулийн дотуур байр хэлбэрээр ашиглаж байгаа. Үүнээс хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. Харин 2010 онд зөвхөн шал болон цонх сольсон” гэх мэдээллийг өгч байв.

Сэлэнгэ аймгийн дотуур байр
Харин Говь-Алтай аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн эмэгтэй байрны багш Т.Жавзаа

“Сургуулийн дотуур байр 1971 онд ашиглалтад орсон. Эмэгтэй дотуур байранд орон нутгаас ирж суралцдаг 90 гаруй сурагч амьдардаг. Засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй” гэдгийг хэлж байлаа.
Говь-Алтай аймгийн дотуур байр
Тэгвэл эдгээр хоёр сургуулийн дотуур байрны нөхцөл байдалд хийсэн ажиглалт болон сурагчид, байрны багш нарын өгсөн мэдээллийн дагуу нийтлэг зөрчигдөж байгаа зарим стандартыг тодорхойлохыг зорьлоо.
№ MNS 6781 : 2019 “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн дотуур байр стандартыг хангаж байгаа эсэх Говь-Алтай аймгийн
Лаборатори нэгдүгээр сургуулийн
эмэгтэй дотуур байр стандартыг
хангаж байгаа эсэх
1 Барилга, байгууламж
5.2.2 болон 5.2.3-т зааснаар галын болон аюулгүй байдлын дохиоллын системтэй байна Байхгүй Байхгүй
5.2.9-т зааснаар Давхар бүрт хүүхэд амрах зориулалтаар сандал, ус цэвэршүүлэгч бүхий бүхий цай уухад зориулсан өрөө байна Байхгүй Сурагчид өөрсдөө амьдрах тасагтаа ус буцалгагч, хувцсаа угаах түмпэн зэрэг өргөн хэрэглээний зүйлсээ авдаг
2 Ариун цэврийн өрөө
5.4.5-т зааснаар угаалга, хатаалга, индүүдэлгийн нэгдсэн өрөөтэй байна Байгаа ч тохижуулаагүй 2022 оны намраас тусгай өрөөтэй болсон /НҮБ-ийн тусламжаар/
5.4.4-т зааснаар дотуур байрны 30 хүүхэд тутамд нэг угаагуур, 20 хүүхэд тутамд нэг шүршүүр байна Өвөлд л халаалт өгдөг учраас шүршүүрнээс халуун ус гардаг, бусад үед хүйтэн ус гоождог Эмэгтэй дотуур байранд 2022 оны намар 4 шүршүүртэй болсон /НҮБ-ын тусламжаар/
5.4.9-т зааснаар бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зориулсан угаагуур, шүршүүртэй байна Байхгүй Байхгүй
Бие засах газар
5.5.6-т зааснаар бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан суултууртай байна Байхгүй Байхгүй
5.6 Хүүхэд хөгжлийн өрөөтэй байна Байхгүй Байхгүй
5.7 Номын сантай байна Байхгүй Байхгүй
5.9 Эрүүл мэндийн өрөөтэй байна Байгаа ч тохижуулаагүй Байгаа ч тохижуулаагүй
Мөн дээрх мэдээллээс харвал хүүхдэд наад захын эмнэлгийн тусламж үзүүлэх эрүүл мэндийн өрөөгүй байгаа дотуур байр уг стандартад тусгагдсан “Эрүүл мэндийн үйлчилгээний шаардлага”-ыг /6.1-6.1.8/ биелүүлж чадахгүй нь тодорхой. Түүнчлэн номын сан, хүүхэд хөгжлийн тусгай өрөөгүй байгаа нь мөн л дотуур байрны сурагчдын дунд “Сурч боловсрох, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа”/6.2.1-6.2.8/ явагдах нөхцөл бүрэлдэхгүй байгааг илтгэнэ.
Жишээ болгон авсан уг хоёр дотуур байрны энэ мэт нөхцөл байдал орон нутгийн дотуур байрны эмзэг төрхийг харуулж байв.
Мөн нийт дотуур байрны сурагчдын 80 хувийг малчдын хүүхэд эзэлдэг гэх судалгаа бий. Энэ нь эцэг эхийнхээ асран хамгааллаас хол 9 сарын турш амьдарч байгаа эдгээр хүүхдүүд гэртээ байхаасаа илүү их хугацааг дотуур байрандаа өнгөрөөдөг гэсэн үг. Иймээс л “ХОЁР ДАХЬ ГЭР” болсон дотуур байрны стандартад нийцсэн орчин нөхцөлийг бий болгох үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.
Үүгээр зогсохгүй “Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн дотуур байрны халаалт муу учир өвлийн улиралд хүүхдүүд нь байрандаа хувцсаа давхарлаж өмсөөд суудаг” гэж ярьж байсан нь эмзэглэл төрүүлж байв. Мөн энэ байрны орон дээр давхарлаж тавьсан ноосон цамцнууд үггүйгээр нөхцөл байдлыг өмнөөс нь ярьж байсныг энд дурдах нь зүйтэй биз.
Түүнчлэн өнгөрсөн онд "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслээс 9 аймгийн 22 сум, Улаанбаатар хотын 2 дүүргийн нийт 2695 дотуур байрны сурагчдаас судалгаа авахад суралцагчдын 27 хувь нь дотуур байранд амьдрах дургүй, талаас илүү хувь нь сандал ширээ тохиромжгүй, хүрэлцээгүй, дотуур байрны багш нараас үл хайхрах, сэтгэл санааны дарамт болон бие махбодын шийтгэл илүү авдаг хэмээн хариулсан байдаг. Тоо чухал бус ч тоогоор илэрхийлэгдэж буй агуулга анхаарахгүй байхын аргагүй байв. Угтаа бол хүний нөөцийн шаардлагыг стандартдаа тусгаад өгчихсөн байдаг ч ийм л дүр зурагтай байна.
Нөгөө талаар стандарт гэдэг бол хэвлэж тавиад, хананд хаддаг бэлэг тэмдэг, жуух бичиг биш юм. Стандартыг баталсан бол хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгвэл MNS 6781 : 2019 стандарт хэрэгжилтээ хүлээгээд даруй 4 жил өнгөрчээ. Мөн ЕБС-ийн дотуур байрны санхүүжилт бүхэлдээ төрөөс төсөвлөгддөг тул салбар яаманд уг асуудал харьяалагддаг. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “БСШУЯ-наас ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд анхаарч ажиллаж байгаа ч асуудлууд олон байна. Цар тахалтай холбогдуулан хэмнэлтийн горим мөрдөгдөж, энэ хүрээнд хэрэгжүүлэх зарим ажлууд хойш тавигдсан нь үнэн” гэх мэдээллийг өгч байсан. Гэсэн ч хүүхдэд зориулах мөнгөө хэмнээд үр дүн гарсан нь юу л бол. Үүгээр зогсохгүй БСШУЯ энэ асуудалд илүү хүчин чармайлт гаргаасай хэмээн 35 мянган хүүхдийн өмнөөс уламжлах нь зүйтэй биз.
Халамжаа авч чадаагүй гэж гомдоллож байгаа томчуудын хажууд бясаатай, хөлдүү, хөгжилгүй дотуур байранд амьдарсан хүүхдүүд хэнд ч гомдоллоогүй юм шүү. Хүүхэд гэдэг ийм л хайрлахгүй байхын аргагүй. Түүнчлэн стандартад нийцсэн эрүүл, аюулгүй дотуур байр хүүхдийн эрхийг хангаад зогсохгүй, хүүхдийнхээ араас цаг минут тутамд санаа чилээж байдаг олон мянган эцэг эхчүүдийн хүсэн хүлээж буй өөрчлөлт болохыг энд дурдахад илүүц биз.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандарт бол хөгжлийн түлхүүр, аюулгүй байдлын баталгаа” гэж хэлж байв. Тэгвэл дотуур байрны сурагчдын хөгжих, суралцах боломжийг нээж, түлхүүрийг түлхүүрдэж, дотуур байрны стандартыг хэрэгждэг стандарт болгож өгөх шаардлагатай байна.
Дараа өвөл дахиад л дотуур байрны сурагчид даарна байхдаа.....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна