News Paparazzi : Эцэст нь элгээрээ мөлхсөн эдийн засаг, эвээ олоогүй олон түмний шахалтаар “шахааны вакцины туршилт”-д орох нь тодорхой боллоо.

Moderator
2020/11/26

Биднийг өнгөрсөнтэйгээ зууралдаж, буруутнаа хайх зуур улс орнууд богино хугацаанд хямралыг даван туулахын тулд ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж, дараагийн алхмаа төлөвлөөд туршаад эхэлчихлээ.

Өнгөрсөн Бямба гаригт /2020.11.21/ ХБНГУ-ын Баден Вюртембергийн мужийн Улм хотын томоохон үзэсгэлэнгийн танхимуудад Корона вирусийн эсрэг вакцинжуулалтын төвийн туршилтыг явуулав.

Улм хотын туршилт нь вакцин тарих ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх, алдаа хаана гарч болох, хаана сайжруулах шаардлагатайг олж харах зорилго тавьсан. Энэхүү туршилтын явцад 100 орчим хүнд вакцин хийсэн. Ингэхдээ туршилтад хамрагдах хүмүүсийг урьдчилан бүртгэж, хянасны дараа вакцин хийлгэх хүмүүст эмч нэг бүрчлэн тайлбар хийв. Зөвхөн тайлбар хийгдсэний дараагаар л вакциныг хийнэ. Вакцин хийлгэсний дараа 30 орчим минут биеийн байдлыг нь ажиглах ёстой.

Учир нь энэ бол дэлхий дээрх хамгийн хурдан хугацаанд хийгдсэн вакцин шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас эрсдэлт бүлэг болох эрүүл мэндийн ажилтнууд, цагдаа, гал сөнөөгчид, багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах ёстой гэж үзсэн байна. Вакцинжуулалтыг долоо хоногийн долоон өдөр өглөөний 7-21 цаг хүртэл хийх хуваарь гаргаж төлөвлөжээ.

Биднийг вакцин авах мөнгө зээлнэ, зээлэхгүй гэж цэцэрхэж суух зуур тэд ямар вакциныг, хаанаас, хэзээ, хэдийг авахаа шийдээд зогсохгүй гэрээ хэлэлцээрээ хийчихсэн. Одоо харин хаана, хэнд, хэрхэн хийхээ туршчихлаа.

Яг энэ туршилттай зэрэгцээд Ковне-Нагел, DHL компаниуд Ковид-19 вакцины анхны ложистикийн гэрээг байгуулснаа зарлав.

Ковид-19-ийн эсрэг вакциныг аль болох хурдан тээвэрлэж түгээх нь чухал. Ложистикийн томоохон компаниуд үүнд шаргуу бэлтгэж байна. Дэлхийн түгээлтийн ажил нь маш том сорилттой тулсан хэдий ч бэлтгэл сайтай байна.

Байонтек компанийн вакцин нь -70 градуст тээвэрлэх шаардлагатай. Бусад бэлдмэлүүд нь -20+8 градус хүртэл температур шаарддаг. Мөн АНУ-ын Модерна вакцины хувьд хөргөгчийн температур тэг градусаас дээш байхад хангалттай гэж тус компанийнхан мэдэгдэв.
DHL нь агуулахын сүлжээнд зориулж хэдэн зуун хөлдөөгч худалдаж авах талаар ярьж байгаа. Энэ нь компанийн хувьд тийм ч шинэ зүйл биш. Учир нь Герман, Голландын хил дээрх түр хадгалах агуулах дотор -70 градус хүртэл хөлдөөх чадалтай 58 хөлдөөгч байгаа. Эдгээрт эмнэлзүйн тусгай бодис, амьтанд зориулсан вакцин, эмнэлзүйн судалгаанд ашиглах бүтээгдэхүүнийг хадгалдаг. Онгоц, ачааны машин дээр бэлдмэлүүд нь хуванцар хайрцганд хуурай мөс, өөрөөр хэлбэл хөлдөөсөн CO2-т ордог. Ийм хайрцгуудад -70 градусын температурыг зургаа хүртэл хоног барих боломжтой юм байна.

Энэ мэтчилэн биднийг гаргасан шийдвэрээ өдөр өнжилгүй өөрчилж суух зуур улс орнууд цаг минуттай уралдаж байна. Тэд алдаа гаргахгүйн тулд төлөвлөж, туршиж байна. Харин бид энд машин явна явахгүй, гадаа гаргана гаргахгүй гэж жирэмсэн эмэгтэйн шээсний зайд л эргэлдэж байна даа. Үнэндээ энэ төрийн байж байгаа царайг харахаар албаар ингэж уймраад байгаа аятай санагдах боллоо. Эцэст нь элгээрээ мөлхсөн эдийн засаг, эвээ олоогүй олон түмний шахалтаар “шахааны вакцины туршилт”-д орох нь тодорхой боллоо.

Хэрэв үгүй гэвэл метрополис хот, тарж нүүдэг малчин онцлогоо харж вакцинд хамруулах ажилдаа ханцуй шамлан ормоор байна. Энэ бол амаргүй ажил байх болно.



Эх сурвалж: Said.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.142
    2020/11/27

    халтар Цэрэн эмгэн харийн нөхрийнхөө үгээр битгий хор найруулаад нийгэм турхираад байгаарай

    Хариулах
    • 64.119.17.3
      2020/11/27

      Yag unen.