News paparazzi: ​Монгол Шиндлер Ганжавхлан

Moderator
2020/09/28

Стивен Спилбергийн Шиндлерийн бүртгэл (Schindler’s list) киног үзээгүй хүн цөөн. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд, Еврейчүүдийг хомроголон устгасан аймшигт үйл явдлын тухай 3 цаг гарны турш харуулдаг кино. 1993 онд гарсан даруйдаа Оскарын долоон шагнал эзэмшиж, дэлхий дахинд шуугиан дэгдээж байлаа.

Энэ кино бодит түүхийг харуулсан бүтээл. Оскар Шиндлер бол 1939 онд Нацист намд элссэн үйлдвэр эрхлэгч 31-хэн настай залуу байлаа. Тэрээр өөрийн үйлдвэрт ажиллаж байсан Еврейчүүдийн амийг авч гарахын төлөө бүхий л ур чадвараа дайчилдаг. Тухайн үед еврейчүүдийн амийг аврах хамгийн зэгсэн арга нь “Фашист” офицеруудыг авлигадах. Одоогийн ханшаар 1 сая гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний “мөнгө босгож” байж 1200 орчим хүний амь насыг хийнд хордуулалгүй, шатаах зууханд хийлгэлгүй авч гарсан түүхтэй. Дайн дуусахад Шиндлер домог болсон байв. Одоо хүртэл түүний амь насыг нь аварсан 1200 еврейчүүд болон үр сад нь Шиндлерийг санан дурсдаг. Бүр түүнд алтан шүднүүдээ суга татан нийлүүлж хайлуулаад бөгж хүртэл хийж дурсгаж байгаа тухай кино өгүүлдэг.

1988 онд BBC телевизээр нэгэн онцгой мэдээ шуугиан дэгдээх нь тэр. Энэ бол Николас Жорж Винтоны (Sir Nickolas George Winton) тухай сэтгэл догдлом домог байлаа. Түүнийг гучхан настай залуухан банкир байхад хоёрдугар дайн эхэлжээ. Тэрээр еврей голдуу, мөн дайны хар сүүдрээс болж эцэг эхээсээ өнчирсөн бөгөөд төөрөлдсөн нийт 664 (зарим сурвалжаар 669) хүүхдийн амийг аварч Чехословакаас татан гаргажээ. Хамгийн хачирхалтай нь ноён Винтон энэ түүхээ 50 жилийн турш хэнд ч ярисангүй. Тэрээр энэ “баатарлаг” үйл хэргийнхээ төлөө 105 насандаа 2014 онд Английн хатан хааны хүндэтгэл хүртсэн юм. Мөн түүнийг өдгөө “Британи Шиндлер” гэж дотночилдог.

Энэ хоёр түүх бол аль аль нь сайн сайхан үйл хэрэг бүтээсэн мянга мянган тохиолдлуудын нэг. Гэхдээ хамгийн том, хамгийн эрхэм үйл хэрэг бол хүний амь нас, эрүүл мэнд, итгэл, ирээдүйг нь аврах. Дайны хүнд жилүүдэд, нэг нэгнийгээ алж устгаж, цусан гол урсгаж байхад ч хүн чанараа гээлгүй, зөвийн төлөө, хичнээн хэцүү байсан ч тууштай тэмцэх чадвар бол “жинхэнэ баатар”-ыг төрүүлдэг ажээ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг, сэтгэл байхад зүтгэл нь жигдэрч, зүтгэл нь байхад үр дүн гардаг.

Өнөөдөр Монгол нэг нийт саарал улс, хар цагаан өнгөөр зураглагдах орчин шиг санагдана. Популизм, үзэн ядалт, нийгмийн айдас, хүчирхийлэл, баян ядуугийн шударга бус ялгаа, дээр нь аймшигт гэмт хэргүүд. Бас худлаа ярьсан бүлэг хүмүүс.

“Ид шидийн орон” төсөл бол яг л орчин үеийн Шиндлерийн бүртгэл. Хүмүүст итгэл, урам, найдвар өгдөг шиг, Винтоны хүүхдүүдийн ирээдүйг аврах гэсэн гэгээн үйлс шиг. Ирээдүйд Ид шидийн орноор “хүмүүжсэн”, хүмүүнлэг хандлагаас урган гарсан бүхэл бүтэн үе төлөвшинө. “Лантуун дохио”-ны доргионд хүний эрхийг хамгаалах зөн совинтой, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, эрх чөлөөг нандигнах мэдрэмжтэй шинэ соёл тогтоно гэж найддаг.

Чадраабалын Ганжавхлан. Тэр иргэний нийгэмд цэвэр зүрх сэтгэлээрээ, өөрийн бор зүрхээрээ, гэхдээ ямагт үнэний төлөө дуу хоолой, үйл хэргээ зориулж яваа залуу. Хоосон хэлбэрдэлт, хэтэрхий улстөржилт, богино зайнд хүмүүст таалагдах жүжгийн тайзыг биш, харин бодит амьдрал, зутруу айлын хоосон хонох мэдрэмж, өлссөн хүүхдүүдийн харц, итгэл алдсан цөхрөл дээр эргэлт авчрах, гэрэл гэгээ өөд татах “ид шид” бэлэглэхээр нэгэн сэтгэлээр зорьж яваа залуу. Түүнийг магтаагүй, харин бодит ажил нь сэтгэл нь зүтгэл нь ингэж “ярьж” байна. Тэр бол Монгол Шиндлер.

ХҮН БАЙ. Хүчирхийллийг, хар бараан түүхийг эцэс болгоход хүчин зүтгэх, зүрхтэй, сэтгэлтэй, жинхэнэ хүн бай гэж тэр, түүний нөхөд гуйж байна. Бас шаардаж байна. Уриалж байна. Хэсэг зуурын эрх чадалдаа эрдсэн, албан тушаалаа урвуулж, татвар төлөгчдийн мөнгө дээрэмддэг, эрх баригчаараа далайлгаж, пиараас цааш зүрх нь цохилохоо больсон саарал нийгмийн түр эзэдтэй, бас нинжин бус хүмүүсээс ирээдүйгээ Рообингүүд шиг хамгаалахын тулд ХҮН БАЙ гэж уриалж байна, Шиндлерчүүд.


Эх сурвалж: Сүхбаатарын Эрдэнэболд


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.77.21
    2020/09/29

    Бяцхан хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэл оюун ухаанаа уралдуулж байгаа хүнэлэг ариун сэтгэлт хүү чамдаа баярлалаа. Монголынхоо ирээдүй хойч үеийнхээ төлөө ариун журмаар зүтгэдэг залуучууд, төрийн зүтгэлтнүүд олон ч байдаг болоосой... Сэтгүүлч Жаргалсайхан Монголын аврах, өрнөөсөө гарахад эдийн засгийн боломж дэргэд минь байгаа.. Хэрэв би УБ хотын дарга болвол: УБ хотын маань урд хэсгийн газрыг төрийн өндөрлөгийн томчууд, хойт хэсгийн газрыг хурган дарга нар хуваагаад авчихсан байгаа нь хэн бүхэнд илхэн байгаа шүү дээ. Тэр газруудыг нь эргүүлж авахаа больё харин газрынх нь татвар, газар дээрээ барьсан том том хауснаас нь үл хөдлөх хөрөнгийн татварыг авахад л ард түмэн маань сэргээд ирнэ дээ. Даанч энэ бүхэн хэрэгжихгүй байгаа нь харамсалтай гэж ярьсныг нь сонсоод төрийн болон хурган дарга нарь маань бүгд авилга, шуналдаа баригдаж дээ гэж бодном. Хайран сайхан улс орон, ард түмэн маань....

    Хариулах
  • 202.55.188.33
    2020/09/28

    Uneheer gaihaltai hedelmerch zaluu.Turd bga tusheed.em gishuudees havi iluu huu uomaa.Ted ebeeder 9 nastai ohini araas duugarch bnuu.Ard tumen chagnaad l bn

    Хариулах