News paparazzi: Армени, Азербайжан улсууд газар нутгийн маргааны улмаас дайны байдал зарлалаа

Moderator
2020/09/28

Өнгөрөгч ням гарагийн өглөө Армени, Азербайжан хоёр улсын хооронд Уулын Карабахын газар нутгийн маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.

Одоогийн байдлаар уг мөргөлдөөний улмаас цэрэг, энгийн иргэн нийлсэн 24 хүн алагдаж, 100 гаруй хүн шархдаад байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд онцолж байна.

Армений тал дайсныхаа армийн хоёр нисдэг тэргийг буудан унагаж, гурван танкыг нь их бууны галаар устгаснаа мэдэгдсэн бол Азербайжаны батлан хамгаалах яам уг мэдээллийг няцаажээ.

Одоогоор сөргөлдөгч хоёр  тал бие биенээ буруутгаж байгаа бөгөөд Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев өчигдөр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ зарим мужуудад цэргийн дэглэм тогтоож байгаагаа зарласан байна.

Тэрээр Армений талын бөмбөгдөлтийн улмаас тодорхой хэмжээний хохирол амссанаа хүлээн зөвшөөрчээ.

Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров талуудтай холбоо тогтоож, гал зогсооход зуучлахаар ажиллаж байгааг Москвагаас мэдээллээ.

Армений Ерөнхий сайд Никол Пашинян тус улс Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжтойг мэдэгдсэн байна. Хэрвээ ингэвэл Армени-Азербайжаны хооронд яриа хэлэлцээ явагдах боломжгүй болох юм.

Харин Азербайжаны холбоотон Турк улс энэ асуудалд хатуу байр суурь илэрхийлж эхлээд байна.

Туркийн эрх баригч намын төлөөлөгч Омар Челик твиттер хуудсандаа “Армени улс Азербайжанд халдан довтолсонд бид гүнээ харамсаж байна. Армени улс дахин хууль дүрмийг зөрчиж, өдөөн хатгалга үйлдлээ. Турк улс ямагт Азербайжаны талд зогсох болно. Армени улс галаар тоглож, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэж бичжээ.

Уулын Карабах нь 4,400 км.кв талбай бүхий нутаг дэвсгэр бөгөөд Армений хилээс 50 орчим километр зайтай ордшог. Энэ нутаг 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Азербайжаны хэсэг болсон ч нутгийн Армени үндэстнүүд салан тусгаарлах дайн хийж, хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд 1994 оноос Уулын Карабахт гал зогсоох гэрээ үйлчилж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Армений засгийн газрын дэмжлэгтэй орон нутгийн дайчид Уулын Карабахаас гадна Азербайжаны нутаг дэвсгэрийн зарим хэсгээс эзлэн авчээ.

АНУ-ын засгийн газар, Европын Холбооны эрх баригчид талуудыг зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, яриа хэлэлцээний замаар маргаанаа шийдэхийг уриалсан байна.

Америкийн реалити шоуны од, Армени гаралтай Ким Кардашян твиттер хуудсандаа Азербайжаны талыг зэвсэгт мөргөлдөөнд буруутгасан мэдэгдэл бичсэн байна. Тэрээр АНУ-ыг Азербайжанд үзүүлдэг тусламжаа зогсоохыг уриалаад Азербайжаныг дэмжиж буй Турк улсад анхааруулга өгөхийг Трампын засаг захиргаанд уриалжээ.


Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна