News paparazzi:БАРИМТ: Малчид ноолуурын мөнгөө аваагүй байхад Өмнөдэлгэрийн удирдлага өөртөө 29 сая, өөр сумын малчинд 140 сая төгрөг өгчээ

Moderator
2020/07/07

Бүх малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж У.Хүрэлсүх, Ч.Улаан нарыг мэдэгдсэний дараа буюу дөрөвдүгээр сард Сүхбаатар, Хэнтий аймгаас ноолуур худалдан авч, бэлтгэн нийлүүлж эхэлсэн.

-ӨӨР СУМЫН МАЛЧИН ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМАНД НООЛУУРАА ТУШААЖ 140 САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ-

Ингэхдээ малчидтай гэрээ хийж, бэлэн мөнгөний баримт бичиж өгөөд мөнгийг нь гурав хоногийн дотор данс руу нь шилжүүлэх нөхцөлтэйгөөр ноолуурыг нь худалдан авсан юм. Гэтэл гурав хоног бус гурван сар өнгөрчихөөд байхад тус аймгийн малчид ноолуурынхаа мөнгийг бүрэн авч чадаагүй хүндхэн нөхцөл байдалд байгаа ажээ.

Ганц жишээ дурдахад, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчдын ноолуурыг “Наран золбоот  кашмер” ХХК дөрөвдүгээр сарын 23-28 ны хооронд хуваарийн дагуу зургаан багт очиж авсан байна. Гэтэл энэ сарын 03-ны өдрийн /2020.07.03/ байдлаар 76 өрхийн ноолуурын мөнгө шилжин орж, үлдсэн өрхийн ноолуурын мөнгийг энэ сарын 8-аас эхлэн үргэлжлүүлэн олгоно хэмээн тус сумын Засаг даргын тамгын газраас мэдэгджээ.

 

Удаан хугацаанд хүлээсэн иргэд бухимдаж “Дөрөвдүгээр сараас хойш хүлээсэн. Энэ хугацаанд өрөнд орсон. Амьдралд асуудал үүсч байна” хэмээн сумын групптээ байр, сууриа илэрхийлжээ. Хамгийн ноцтой нь иргэд, малчид ноолуурын мөнгөө бүрэн авч дуусаагүй байхад сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар өөртөө 29 сая, 767 мянган төгрөгийг авсан байна. Мөнгөө авсан 70 гаруй малчин 4-7 сая төгрөгийн урьдчилгааг л авсан байгааг доорх баримтаас харж болно. Гэтэл сумын Засаг дарга нь ноолуурын мөнгөө авч буй нэрээр хамгийн ихийг нь буюу 29 сая төгрөгийг авчээ. Малчид нь ноолуурын мөнгөө авч дуусаагүй байхад өмнүүр нь орж ихэнх мөнгийг авч буйд нутгийнхан нь удирдлагадаа ихэд дургүйцэж байгаа аж.

-ИРГЭД: “ДАВАРСАН” ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛДЛИЙГ ШҮҮМЖИЛЖ БАЙНА-

Цаашлаад өөр сумын Р.Эрдэнэтөгс гэх малчинд 140 сая төгрөгийг өгсөнд иргэд бухимдалтай байгаа аж. Нутгийн малчид ноолуурынхаа мөнгийг авч чадахгүй байхад өөр сумын малчин Өмнөдэлгэр суманд ирж ноолуураа тушаагаад 140 саяыг авсан байна. Учир нь тухайн сумаас өөр нутгийн малчны ноолуурыг авахгүй гэсэн Засгийн газрын дүрэм, журам бий.

Ерөөс тус сумын Засаг даргыг улс төржсөн шийдвэр гаргадаг, иргэдийнхээ үгийг сонсдоггүй, хэт ёс зүйгүй  гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг аж. 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум улсдаа хамгийн олон малтай. Чанартай ноолууртай сумдын нэг. Харин энэ жилийн хувьд Засгийн газраас бүх малчны ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж тооцоо, судалгаагүй дураараа мэдэгдэл хийж зах зээлийн үнийг эвдсэнээс болж ихэнх нь ноолуураа хямд тушааж, зарим нь ийнхүү мөнгөө ч бүрэн авч чадахгүй нөхцөл байдалд байна. Тэр дундаа Өмнөдэлгэр сум нь иргэдийнхээ өмнүүр орж ихэнх мөнгийг нь авах хэмжээний ёс зүйтэй засаг даргатай аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна