News paparazzi: ҮХЦ: Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Moderator
2020/06/03

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ. 

Уг хуралдаанаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэж, хуулийн заалтуудыг хүчингүй болголоо.   

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн тухай хуулийн хүчингүй болгосон заалтууд:

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх

6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

/Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэснийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

28 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

28.3.1.Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;

/Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэснийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./