News paparazzi: Усанд амиа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалд зориулж 5000 зул өргөлөө

Moderator
2020/06/01

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27 ны өдрийн орой гарсан.

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоос 10 гаруй хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд ирж, тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү дөрвөн хүүхэд нь амиа алдсан юм.

Амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзан эмгэнэл илэрхийлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээ Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдэгдсэн.

Мөн өчигдөр "Хүний алтан амь" ТББ-аас талийгаач хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн 5000 зул өргөх үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс "Саяхан дөрвөн хүүхэд живж амиа алдсан. Үүний дараа гурван сартай хүүхдээ тэврээд нэгэн ээж амиа алдлаа. Хүүхэд амьдрах таатай орчин бүрдээгүй байна. Тоглоомын талбай л гэх стандарт бус байна. Чингэлтэй дүүрэгт хүүхэд гулсуурт дарагдаж хүнд гэмтсэн. Өнгөрсөн өвөл нэг айлын гурван охин амиа алдсан. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг бид хүсч энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна" гэлээ.