News paparazzi: Хуулийн байгууллагуудын дунд замхарсан хэрэг буюу Б.Бадраагийн санаархал

Moderator
2020/05/30

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Өмнөговь аймгийн засаг дарга асан Б.Бадраа АН-аас нэр дэвшиж буй. Гэхдээ түүнд төрийн түшээгийн ёсзүй бий юу гэдгийг сонгогчид эргэн харах л учиртай. Өмнөговь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан тэрбээр тухайн хугацаанд хууль хяналтын байгууллагад иргэдийн гомдлын мөрөөр хэдэнтээ шалгагдаж байсан билээ.

Хуулийн байгууллагуудын дунд замхарсан хэрэг

Б.Бадраа 2012 онд төсвөөс дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэн Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Б.Бадрааг Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гэх баримт уг нь АТГ-д очсон ч тэрбээр ийнхүү уснаас хуурай гарч чадсан байна.

Түүний хувьд долоон автомашин, тэрбумаар үнэлэгдэх хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд жуулчны бааз ресторан хүртэл худалдан авсан талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм.

Хувийн ашиг сонирхолоо хэрэгжүүлж байсан ч ял шийтгэлгүй өнгөрчээ

Иргэн Л.Энхболд АТГ-т санал хүсэлт гаргасны дагуу жил гаран хугацаанд шалгасан. Мөрдөн байцаалтаар хэргийн нотлох баримтуудыг бүрдүүлж Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцааснаар Засаг дарга Б.Бадраагийн хэрэг замхарч алга болсон түүхтэй. Уг нь бол түүнийг төрийн болон түмний мөнгө болох 500 сая төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэдэг үндэслэлээр шалгасан нь үнэн.

Б.Бадраа нь 2009-2010 онд арван захирамж гаргаж, 500 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авсан нэгэн. Хагас тэрбум төгрөгөөр тансаг хэрэглээний, өндөр үнэтэй машин худалдан авахдаа тендер зарлаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл.

Төсвийн хөрөнгөөс 500 сая 415 мянган төгрөг гаргасан нь дэндүү хууль зөрчсөн үйлдэл учир шалгаж өгөхийг хүссэн иргэдийн гомдол АТГ-т ирсэн гэдэг. Эцэстээ хэрэг нь шийдэгдэж, “дээлээ нөмрөлгүй” харин ч албан тушаалтайгаа үлдсэн хүн.

Энэ байдлаа эрх мэдлээрээ давамгайлан намын харьяалал зааж олон иргэдийг хохироосон. Өөрийнхөө компаниар Хүрмэн сумын сургуулийг өндөр үнээр засварлаж, улсаас төсөвлөж өгсөн мөнгийг өөрийн компанидаа захиран зарцуулсан .Энэ ажилдаа төсвөөс 120 сая төгрөг гаргуулсан гэх баримт ч байдаг юм билээ. Мөн төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах нэрээр 350 сая төгрөгийг орон сууцны сангийн хөрөнгөөс гаргасан.

Түүний энэ үйлдэл “Сан зохих шалгуурыг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгоно” гэсэн журмыг зөрчсөн байгаа юм. Гарц сайтай хамаг өөдтэй газраа бусдад өндөр үнээр “наймаалцсан”, орон нутагт орж ирсэн тендэрийг шалгуургүй, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд өгсөн гээд маш олон асуудалд орооцолдож байсан энэ хүнд өнөөдөр төрийн сэнтий рүү зүтгэх ямар ашиг сонирхол байгаа нь сонин.

Г.Сар