News paparazzi: Хүчирхэг эмэгтэй болж харагдах гээд тунг нь хэтрүүлсэн Д.Үүрийнтуяа

Moderator
10 цаг 3 минутын өмнө

УИХ-ын сонгууль дөхөхийн хэрээр нэр дэвшигчид бусдаасаа тодрох, олонд торойж харагдахын тулд юу ч хийхээс буцахгүй шинжтэй. Зарим нь цаг үеэ мэдрээгүй, нүдээ олоогүй пи-араасаа болж нэр хүндээ унагааж, олныг талцуулсан нь ч бий. “Шарк” Г.Амартүвшин яалаа даа.

Үе үеийн сонгууль нэг иймэрхүү өрнөдөг болохоор сонгогчид төдийлөн цочирдохгүй байгаа нь илт. Харин сүүлийн үед нэгэн нэр дэвшигчийн сурталчилгаа бусдынхыгаа ёстой “тоос”-ндоо булж байна.

2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Д.Үүрийнтуяа юу л хийгээд байна даа. Буу угсраад, бокс тоглон, буугаар буудан, алхаар дугуй нүдэн ер эр хүнээс дутахгүй гэдгээ харуулах гэж хичээж буй бололтой.

Эсвэл “Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх зураг шиг харагдахыг хүсдэггүй” гэсэн уриатай Д.Үүрийнтуяа өөрийгөө УИХ-ын сонгуульд бус олимпод өрсөлдөнө гэж андуурсан юм болов уу. Шигшээ багийн сонгон шалгаруултад өөрийгөө сойгоод ийм бичлэг хийсэн бол ойлгох сон.

Гэтэл төрийн түшээ болохоор төлөвшин, өдгөө Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй тэрбээр хүчирхэг эмэгтэй гэдгээ арай өөрөөр илэрхийлбэл дээр сэн. Өөрийгөө хүчирхэг эмэгтэй гэж бусдад харагдуулах гээд доозыг арай хэтрүүлээд байх шиг. Эсвэл Д.Үүрийнтуяа сонгуульд бус “Монгол нинжа дайчид”-д өрсөлдөх гээд бэлтгэлээ хангаж байгаа юм болов уу. Тэгвэл ч нэг юм дуулгахаар байна шүү.