paparazzi.mn
News paparazzi: Наадмаар цэнгэлдэх хүрээлэн нэвтрэх хүмүүст “ковид- 19” халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина
1
2020/05/22

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан бол Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн цомхон зохион байгууулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  өнөөдрийн /2020.05.22/ хурлаар  шийдвэрлэлээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөнө.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдох бол 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно.

Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм.

Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулбал, төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай. Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Н. Болормаа 2020 оны 05 сарын 23 [66.181.160.73]

    Баяр наадмаа хийх нь буруу гэж бодож байна. Энэ олон сар өвчнөөс улс орон ард иргэдээ хамгаалчихаад хоёрхон хоногийн үйл ажилгаагаа болж эрсдэл гаргахвийдээ!!! Цэнгэлдэх хүрээлэнд буюу арга хэмжээнд оролцох хүмүүсдээ ковид19-н шинжилгээг 21 хоногоос өмнө авах шаардлага тавих хэрэгтэй. Энэ хоногоос дотогш шинжилгээ өгсөн хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй. Ер нь маш их айдас төрж байна шүү . Ард иргэд надтай адилхан бодолтой байгаа байх

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.