News paparazzi: Тайхар чулууны ойр орчмыг тохижуулах нэрээр улсын төсвийн ЕСӨН САЯ төгрөгөөр “цементлэжээ”

Moderator
2020/05/22

Aрхангай аймгийн Их тамир сум, Тамирын голын хөвөөнөө орших байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий Тайхар чулууны ойр орчмыг тохижуулж буй нэрээр цементлэж, явган хүний жим барьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Мэргэжилтнүүд болон иргэдийн зүгээс байгалийн үзэсгэлэнт бүс нутаг, өвөрмөц зүй тогтоцийг нь механикаар өөрчилсөн нь буруу гэж хэлж байгаа юм.

Тайхар чулуу нь Архангайн төвөөс ердөө 20 км ийн зайтай бөгөөд Тамирын голын хөвөөнөө байрладаг нь гадаад, дотоодын жуулчдын амарч, зугаалахад тохиромжтой газраар нэрлэгдсэн. Зуны дэлгэр цагт  Тайхар чулууг үзэхээр зорьж очих жуулчдын тоо эрс нэмэгдсэн ч түүнийг дагасан хүний нөлөөллөөс үүдэлтэй өөрчлөлт тус бүс орчимд их гарч байгаа аж. Хог, орчны бохирдол, газрын элэгдэл гэх мэт.

Гэхдээ орчныг сайжруулахдаа байгалийн өөрийнх нь зүй тогтоцод гар хүрэлгүй хэвээр нь үлдээх зайлшгүй шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Гэтэл Тайхар чулууны өвөрмөц байдлыг эвдэж, өөрчилсөн байгаа юм.

Тус чулууг тойруулж цементээр явган хүний зам барихдаа улсын төсвийн 9 сая гаруй төгрөгийг зарсан байна.

-Ж.ГУРВАНТАМИР: СУМААС ХӨРӨНГИЙГ НЬ ГАРГАЖ “ТАЙХАР БААЗ”
АЖЛЫГ НЬ ГҮЙЦЭТГЭСЭН-

Бид уг асуудлаар Их тамир сумын Засаг дарга Ж.Гурвантамиртай холбогдож  тодрууллаа.  

-Тайхар чулууг тойруулж зам тавьсан ажил олны шүүмжлэлд өртөөд байна. Уг ажлыг сумын захиргаанаас зохион байгуулж хийсэн юм уу эсвэл ойр, орчимд нь үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгжүүд хийгээ юу?

-Тайхар чулууны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Тайхар бааз орчны тохижилтын ажлыг гүйцэтгэсэн юм. 2018 онд тус баазын удирдлагууд надтай уулзаад “Тайхар чулуу руу хүрдэг явган хүний жим эвдэрч, хонхойсон байна. Ойр, орчимд нь хоол зарж, морь, сарлаг унуулдаг хүмүүс амарч, суух газаргүй хэцүүхэн юм. Та хөрөнгийг нь шийдээд өгөөч. Би сүүдрэвч, сандал барьж, явган хүний замыг нь янзалж аятайхан болгоё” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би 9 сая гаруй төгрөг гаргаж өгөөд гэрээ байгуулж ажлыг нь хийлгэсэн юм. Ингээд ажил хийгдээд явж байтал гүйцэтгэж байсан нь хүн нас барсан. Одоо гэрэлтүүлгийн ажил дутуу үлдсэн. Тайлбарын самбар, зам, сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг зэргийг хийх ёстой гэж гэрээгээр хүлээсэн.

-Тайхар чулуу бол байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий газар шүү дээ. Ийм газарт орчны тохижилт хийхдээ мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах ёстой. Та бүхэн энэ ажлыг орхигдуулсан харагдаж байна. Та үүнд ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

-Манай нутгийнхнаас Тайхар чулууны дэргэд үйл ажиллагаа явуулаад мөнгө олдог олон иргэн бий. Тийм учраас энэ бүс орчмоо тордож хамгаалаад явахыг их хичээдэг. Өнгөрсөн жилээс засварын ажлууд хийгдэж байгаа. Тайхар чулууг тойруулсан хашааг томосгож зассан. Морины шүтээн барьсан. Өнгө үзэмж нь муудаж, газар нь эвдрээд байсан юм. Тийм учраас л хамгаалсан санаатай. Төлөвлөгөө болон зураг төслийн дагуу энэ ажлыг гүйцэтгэсэн юм. Тайхар чулууг хүмүүс тойрсоор байгаад тэр хэсгийн газар нь хонхойгоод муухай болчихсон байсан.

-Газрыг цементлэхгүйгээр тэгшилж янзлаад, зүлэгжүүлж болох байсан уу?

-ХААИС-д сурдаг оюутнуудтай хамтраад ойр, орчимд нь зүлэгжүүлэлт хийнэ. Энэ жил газрыг янзалж, зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөсөн байна.

-Тус бүсэд нийт хэдэн бааз үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Тэд сумын төсөвт татвар, хураамж төлж нэмэр болдог уу?

-Шальтай юм байхгүй ээ. Манай нутгийн хүмүүс л бааз ажиллуулдаг. Гурван бааз л ажиллаж байгаа. Хогны асуудал нь аймар байсан. Тэр бүрийг цэвэрлэж, цэгцэлсэн.

-Тайхар бааз нийт хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа юм?

-2004 оноос хойш л ажиллаж байгаа юм. Холбогдох хуульд өөрчлөлт орсон. Энэ дагуу тус баазууд Тайхар чулуунаас таван км-ийн зайд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тус газрууд хууль батлагдахаас өмнө баригдсан учраас шууд буулгаж чадахгүй хүндрэлтэй л байна. Өв хамгаалах сангаас надад хоёр жуулчны баазаа нүүлгэ гэдэг бичиг ирсэн. Хүмүүсийн барьсан байгууламжийг би буулгаж чадахгүй. Бичгийг баазуудад нь өгсөн. Орчинтойгоо аятайхан харьцахыг би байнга л шаарддаг юм.

МЭРГЭЖИЛТНҮҮД: УНАГАХ ТӨРХИЙГ ЭВДЭХГҮЙГЭЭР ЗАСАХ ЁСТОЙ

Өвөрмөц бүс нутаг, зүй тогтоц бүхий газрыг сэргээх засах нь маш их анхаарал шаардсан ажил. Мэргэжилтнүүд заавал оролцох ёстой бөгөөд аль болох байгалийн унаган төрхийг нь эвдэхгүйгээр засаж, янзлах ёстой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Судалгааны баг судалгаа хийж маш нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий газарт гар хүрэх ёстой ч Тайхар чулууг засахдаа энэ төрлийн ажлыг орхигдуулжээ. Ядаж мэргэжилтнээс ч зөвлөгөө аваагүй байна.