“Хит”-ийн Давааням таалал төгслөө


“Сайн байцгаана уу үзэгчидээ. Хөгжмийн мэдээ мэдээллийн “Хит” нэвтрүүлэг эхэлж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр орой бүр үзэгч олонтой уулздаг байсан Д.Давааням өнөөдөр өглөө зуурдаар таалал төгсчээ. Монголын хөгжмийн урлагийн нэгээхэн хэсэг болсон түүний зуурдын үхэл гэр бүл, найз нөхдөд нь хүнд цохилт болсон байна.  Өнөөдөр өглөө гэртээ таалал төгссөн түүний гэрт Монголын урлаг соёлын алдартнууд цугларсаар байгаа нь  Д.Давааням Монголын хөгжмийн урлагт хичнээн хувь нэмэр оруулсан хүн болохыг баталж байгаа юм.  Гадаад, дотоодын хамтлаг дуучдын түүхийг  хэн бүхнээс илүү мэддэг “нэвтэрхий толь” болсон түүний задлан шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд юуны улмаас нас барсан нь тогтоогдох юм.  

 

Дашрамд дурьдахад түүнийг насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн  хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан ч Даваанямыг буруугүй гэдгийг шүүх тогтоосон байна.

 

Түүний амьдралын сүүлийн мөч хүнд, бэрх байсан ч ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл талийгаачийг  сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж хэд хэдэн удаа Шархадны эмнэлэгт шинжилгээ өгүүлж байсан юм. Тэрээр  сэтгэл санааны хямралын улмаас  цус харваж хэвтэрт хэдэн сар болж байсан. Ярих чадвараа  алдаж, хөдөө амьдрахад хүрсэн тэрээр долоон сарын турш ардын анагаах ухаанаар эмчилгээ хийлгэж байгаа хөл дээрээ зогсдог болоод гурван сарын нүүр үзэж байсан Д.Даваанямыг 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд итгэж чадахгүй байгаа хүн олон байна.

 

Энэ цаг  үеийн өвөрмөц дуу хоолой, өнгө төрх болсон  түүнийг олон хүн дурсан санаж, үгүйлэх болно. Ум мани бад ми хум. Амар амгалан нойрсоорой.

 

Урлаг соёлд хувь нэмрээ үлэмж нэмэрлэсэн Д.Давааням агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.