Н.Төгсцогт аваргын төлөө тоглохоор боллоо


Лондонгийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаж, Монголын спортын түүхэнд олимпийн хамгийн залуу медальтнаар тодорсон Гавьяат тамирчин Нямбаярын ТӨГСЦОГТ олимпийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, алтан медалийн төлөө тоглохоор болов. 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа хожиж байсан юм. 

Лондонг зорьсон хамгийн Монголын багийн хамгийн отгон тамирчин Н.Төгсцогт гавьяат наймдугаар сарын 12-нд буюу олимпийн наадмын хаалтын өдөр Монголын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын Миша Алоянд ялагдаж байжээ.

Анхны олимпдоо оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Лондонгийн рингэнд эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн. Улмаар  Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангасан билээ.