МУИС-ийн оюутнууд COVID-19 халдварын тархалтыг мэдээллэдэг вэб хуудас бүтээлээ

Moderator
2020/03/27

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхимийн "Хакум" клубийн залуус хамтран "COVID-19"-ийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх "Тунхаг.мн” веб сайтыг бүтээжээ.

Тэд өгөгдлөө ДЭМБ болон Эрүүл мэндийн яамны баталгаат эх сурвалжаас, мэдээллээ томоохон мэдээллийн сайтуудаас аван цаг тухай бүрд нь мэдээлэх юм байна.

"Хакум" клубийн 8 гишүүн "Тунхаг” төслийг хоёр долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа ба анхны хувилбараа гуравдугаар сарын 23-ны өдөр амжилттай туршсан. Тэгвэл тус веб нь коронавирусын тархалтыг газар зүйн байршлаар харуулах дэлхийн газрын зураг, график болон дотоодын томоохон мэдээний сайтуудын контентуудыг түргэн хугацаанд хүлээн авч хэрэглэгчдэд хүргэх юм. Төслийн цаашдын зорилго нь нийгэм, улс орны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бүх л төрлийн асуудлыг технологийн шийдлээр хэрэглэгчдэд түргэн шуурхай, амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх аж.