paparazzi.mn
АНУ-д коронавирусний вакцины туршилтыг эхлүүлнэ
0
2020/03/16

АНУ-д шинэ коронавирусээс хамгаалах вакцины клиникийн туршилт даваа гаргаас эхэлнэ гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

“Уг туршилтын эхний оролцогч даваа гарагт туршилтын вакцин хийлгэнэ” гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Энэхүү туршилтын талаар олон нийтэд хараахан мэдээлээгүй байгаа тул тэрбээр өөрийн нэрийг нууцалжээ.

Сиэтл хотын судалгааны хүрээлэнд явуулж буй уг туршилтыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн санхүүжүүлж байгаа ажээ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, аливаа вакциныг гарган авч, албан ёсоор батлахад 12-18 сарын хугацаа шаардлагатай юм.

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, “Moderna” компанийн мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн вакциныг эхний ээлжинд залуу, эрүүл 45 сайн дурын оролцогчид хийнэ. Вакцинд вирус агуулагдаагүй тул туршилтад оролцогчид халдвар авах боломжгүй байна. Энэхүү туршилтын зорилго нь вакцин сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгах ажээ.

“COVID-19” халдварын тохиолдлууд улам нэмэгдсээр байгаа энэ үед дэлхий даяар олон судалгааны баг вакцин гарган авахаар ажиллаж байна. Тэд өөр өөр төрлийн вакцин бүтээхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ шинэ технологиудын тусламжтайгаар илүү хурдан үйлдвэрлэгддэг, уламжлалт тарилгаас илүү баталгаатай аргыг нээх магадлалтай байгаа юм. Мөн зарим судлаач нэгээс хоёр сарын хугацаатай түр вакцин гаргахаар ажиллаж байгаа бол зарим нь илүү удаан хугацаагаар үйлчилдэг вакцин бүтээхийг зорьж байна.

Шинэ коронавирус дэлхий даяар 160 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 6000 гаруй хүн нас баржээ. АНУ-д сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 3400 давж, 65 хүн нас барсан байна. Ташрамд дурдахад, халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эдгэрч байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, хөнгөн өвчтэй хүмүүс хоёр долоо хоног орчмын хугацаанд эдгэрч байгаа бол хүнд өвчтэй хүмүүс эдгэрэхэд 3-6 долоо хоногийн хугацаа шаардагдаж байгаа ажээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.