paparazzi.mn
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв
4
2020/02/23

Дэлхий нийтийг ихэд түгшээгээд буй корона вирусийн халдвараас одоохондоо монголчууд бид “бултаж” дөнгөөд байна. Дээд тэнгэрээс заяатай төрснийх ч байх. Дэргэдэх малын минь шимт мах шүүс, эмт идээ ундааных ч байх. Дээрээс нь халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр, засгаас шат шатандаа авч чадсаных ч биз. Ямартай ч Чингисийн монголчууд үнэхээр дархлаа сайтай ард түмэн юм гэдгийг тив, дэлхий харлаа.

Гэвч жинхэнэ аюул ард өнгөрөөгүй, урд тосож байна. “Хятадууд вирусийн  тархалтыг хяналтдаа авч чадлаа”, “Эмчилгээний үр дүн сайн байна” гэх мэт баярт  мэдээллүүдийг дураараа хангүг эмээгийн дуулиан бут ниргэн хүн төрөлхтнийг дахин шоконд оруулав. Анагаах ухааны хөгжил дэвшлээрээ дэлхийд дээгүүр ордог Өмнөд Солонгосчууд коронагийн хоёр дахь огцом тархалтын өмнө барьц алдан тэвдэж байхтай зэрэгцэн Монголд Цагаан сар болж байна. Энэ л бидний хувьд урьдчилан таамаглахын аргагүй хамгийн том аюул юм.

Сая урд хөршийн эсрэг авсан шиг хариу арга хэмжээ авах цаг хугацаа үгүй, Сар шинээр эх орондоо ирэх гээд Солонгосоос аль эрт тийзээ захиалчихсан хүмүүсийг “боль, битгий” гэж хорих аргагүй тул нөхцөл байдал энэ удаа үнэхээр аюулын харанга дэлдээд эхэллээ. Тиймээс энэ Цагаан сараар хол ойр явж, хотол олноо эрсдэлд оруулахгүй, айл хунараар хэсэж, ахан дүүсээ аюулд өртүүлэхгүй байх нь юу юунаас илүү чухал байна. Халдвар манайд дэгдлээ гэхэд наад зах нь Хятадууд шиг 14 хоногийн дотор бүхэл бүтэн эмнэлэг барих, эм бүтээж үйлдвэрлэх, эмчлэх  боломж хомс тул илрээгүй байгаа дээр нь л урьдчилан сэргийлэх учиртай.  

Сургууль, цэцэрлэгүүдийг амрааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохгүй байх, хотоос орж, гарах товчоодыг хааж, баярын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчлэн зогсоох, бэл чадлынхаа хэрээр үзлэг оношилгоо, ариутгал халдваргүйтгэл хийх, эргүүл гаргах зэргээр Засгийн газар, нийслэлээс шаардлагатай гэсэн янз бүрийн арга хэмжээг авч байна. Харин иргэдээсээ бол “Битгий гадуур яваарай, гэртээ шинэлээрэй, цахимаар золгоорой” хэмээн гуйх, аргадахыг хослуулан уриалж, бас сэрэмжлүүлж байна. Тиймээс одоо иргэд биднээс бүх зүйл шалтгаална. Эцэст нь монгол хүний саруул ухаанд найдах л үлдлээ. Энэ удаад дээд тэнгэрээс заяат байх, эсэх нь огт хамаагүй. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • АНУ-д амьдрагч 2020 оны 02 сарын 23 [192.82.75.30]

    Саруул ухаан гаргаад Монголдоо ирэлгүй наад Солонгосдоо үлд, тэндээ чад бол, Монголоо бод

  • Би 2020 оны 02 сарын 23 [66.181.161.27]

    Өөр ч одоо яаалай билээ. Их л санууллаа саатууллаа.хөл хорио тогтоолоо хэл гаалиа хаалаа. Уужуухан байж ухаантайхан байцаагаарайдаа манайхаан.ууж идэх нь гол биш уламжлал ёс нь чухал биш болоод байнадаа. Нэг ч Монгол хүн бүү өртөөсэй тэр аюулд

  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.