paparazzi.mn
"Хүү маань олон аймгаар зорчоогүй, буруу мэдээлэл хийсэн"
2
2020/02/15

Баян-Өлгий аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан.  Тухайн иргэн БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчиж, мөн Монголд ирээд таван ч аймгаар дамжин явсан,  бие нь халуурч, ханиалган, булчин нь өвдөж, гүйлгэж байсан тул эмнэлгийн байгууллагад хандсан гэж албаныхан мэдээлсэн. Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.02.14/ дээрх сэжигтнээс авсан шинжилгээний хариу сөрөг хариу гарсан талаар мэдээлсэн. Иймээс бид 21 настай иргэний аав Ө.Харилбайтай утсаар холбогдож, биеийнх нь байдлыг тодрууллаа.

-Сайн байна уу. Хүүгийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Одоо биеийнх нь  байдал ямар байна вэ?

-Хүүгийн маань бие сайн байна. Одоо аймагтаа байгаа. Хүүгийнхээ нэр усыг хэлмээргүй байна. Хүү маань 21 настай.

-Ямар ажлаар БНХАУ-ын Эрээн, Бээжин хот руу явсан талаар тодруулах гэсэн юм. Хэзээ Монголд ирсэн юм бэ?

-Хүү маань хэсэг хүмүүстэй хамт ажлын шугамаар БНХАУ-ын Эрээн хот руу өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд явсан. Нэгдүгээр сарын 12-нд Бээжин хот руу явсан. Дараагаар нь хоёрдугаар сарын 2-нд дахин Эрээн хотноо ирээд, дахин Бээжин явсан. Тэгээд хоёрдугаар сарын 4-нд хилээр гарч, 5-ны өдөр Монголын хилээр орж ирсэн. Замын-Үүд дээр гурав, Улаанбаатар хотод хоёр хоносон. Хүү маань орчуулагчаар явсан юм.

-Орчуулагч мэргэжилтэй юм уу?

-Хүү маань англи хэлийг өөрөө сурсан. Одоо хятад хэл сурч байгаа юм. Хүү маань Улаанбаатар хотод Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаад жилийн чөлөө авсан.

–Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байхад БНХАУ руу явж, энэ хооронд автобус, таксинд маш олон хүнтэй ойр байсан. Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан зэрэг нь хариуцлагагүй үйлдэл гэж албаныхан мэдээлж байгаа. Энэ олон аймагт очих болсон нь бас л ажлын шаардлага байв уу? 

-Хүү маань олон аймгаар яваагүй шүү дээ. Та бүхэн ташаа мэдээлэл авсан байна. Хүү маань хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Эрээн хотоос гараад, 6-нд Улаанбаатар хотод ирсэн. Хотод найзынхаа гэрт хоёр хоноод Ховд-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусаар явсан. Автобусанд явах замдаа түр зогссон газруудыг олон аймгаар явсан мэтээр ойлгож байна. Ховдоос дөрвөн хүнтэй таксинд суугаад Баян-Өлгий аймагтаа ирсэн юм.

Өлгий хотод ирсэн даруйдаа 40 минутын дараа оройн 20 цагийн орчимд аймгийн эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүгийн маань биед ямар нэгэн зовиур байгаагүй. Хол замд ядарсан байсан. Учир нь дэлхий дахинд дэгдээд буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүүгээ дагуулж очсон. БНХАУ-ын хилээр гарахад мэргэжилтнүүд нь “Тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад биеэ үзүүлээрэй” гэж хэлсэн. Тэр зөвлөмжийн дагуу хүүгээ дагуулаад эмнэлэгт очсон.

-Таныг хүүгээ дагуулж очсон даруйд шууд тусгаарласан уу?

-Хүүг маань тухайн өдөр /2020.02.11/ 20.20 цагт аймгийн эмнэлэгт очиход эмч нар шууд тусгаарласан. Тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт байрлах нэг өрөөнд хүүг маань тусгаарласан юм. Гэхдээ тэр өрөөг нь хоёр гурван өдөр янзалж, дуусаад өнөөдрөөс л /2020.02.14/ тэр өрөөндөө тусгаарлаж байгаа.

-Хүүг нь аймгийн эмнэлэгт тусгаарлах хугацаанд ямар арга хэмжээ авсан бэ?

-Хүү маань аймгийн эмнэлэгт тусгаарлагдаж байгаа. Биднийг эмнэлэгт очиход коронавирусийн халдвараас хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнээс болж гэр бүлийнхний хувьд сэтгэл санааны дарамтад орсон. Бид эмнэлгийн даргаас асуухад шинжилгээ сөрөг гарсан ч хамгаалах хэрэгсэл огт байхгүй байсан. Дэлхий даяар хурдан шуурхай арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж байхад тусгаарлах өрөөгөө янзалж, халаалтад холбож, өнөөдрөөс л /2020.02.14/ тусгаарлаж байна. Олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худал мэдээлэл өгч, хүний нэр хүндэд халдсанд  гомдолтой байна. Хүүгийн маань шинжилгээний хариу гараагүй байхад олон нийтэд ташаа мэдээлэл тараалаа.

Бид иргэний хүний хариуцлагаа ухамсарлаж, сайн дураараа хандаж байхад бүхэл бүтэн 30 цаг болоход ямар нэгэн арга хэмжээ авч, эмчилгээ хийгээгүй. Бидэнд бүх баримт нь байгаа. Тэгээд 30 цагийн дараагаас л нэг тариа хийсэн гэдгийг хүү маань утсаар ярихдаа хэлсэн. Албаныхан хэн нэг хүний талаар мэдээлэл өгөхдөө ард нь гэр бүл, найз нөхөд, нэр хүнд, эрх байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Гэр бүлийнхэн нь биеийн байдал зүгээр үү?

-Манай гэр бүлийнхний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2020 оны 02 сарын 15 [93.103.237.194]

  • Нарантуяа 2020 оны 02 сарын 16 [64.119.26.133]

    Энэ гэр бүлийн гишүүдийнх нь зөв шүү.Өөрсдөө ухамсраараа ирж оношлуулж байхад эмчилгээ ч хийхгүй байдаг их муу бна.Нэг л их илрүүлихсэн хүмүүс,илэрсэн бол яах байсан бол.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.