paparazzi.mn
Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Бууж өгье”
0
2020/01/20

Гараа өргөн бууж өгч буйгаа илтгэх энэ бяцхан жаалын зураг онлайн ертөнцөд хэдэн мянган  удаа тарсан. Гэхдээ зургийн ард чухам ямар түүх өрнөнө вэ. Нүдэнд нь айдас хурсан хүүхдийн эл зураг “Өөр рүү нь чиглэсэн бууны өөдөөс гараа өргөн бууж өгч буй сири хүү” гэх  тайлбартайгаар онлайнд цацагдаж байсан. Гэхдээ тэрхүү жаалын айсан зүйл  нь буу байгаагүй, зүгээр л гэрэл зургийн камер байсан гэдэг.  Туркийн гэрэл зурагчин Осман Сагирли энэ зургийг 2014 онд авчээ.  

Зургийг өнгөц харахад эрэгтэй хүүхэд мэт харагдах хэдий ч,  үнэн хэрэгтээ Худеа гэгч дөрвөн настай охин байсан гэнэ.  Зургийг 2014 оны арванхоёрдугаар сард Туркийн хилийн ойролцоох Сирийн дүрвэгсдийн лагерьт авчээ. Охин ээж болон хоёр ахынхаа хамт тэнд амьдарч байсан бөгөөд тэд 150 км-ын алсад орших Хама дахь гэрээсээ дүрвэн энэ нутагт ирсэн байжээ. Гадаад ертөнцөд өрнөж буй дайн самуун, байгалийн гамшигт үзэгдлийн чиглэлээр бүтээл туурвидаг гэрэл зурагчин эр 25 гаруй жилийн өмнөөс  камертайгаа холбогдсон байна.

Улмаар Сири иргэдийн лагерьт хүрэлцэн ирсэн тэрбээр аппаратныхаа линзийг гаргаж ирэх үед зураг дээрх охин тэсрэх бодис байна хэмээн айж байсныг нэгэнтээ дурссан удаатай. Залуу охины зургийг дарсныхаа дараа л хэрхэн айж мэгдсэнийг нь ойлгосон гэдэг.  Түүнийг авсан зургаа гүйлгэн харах үед нь охин амаа жимийж, хоёр гараа өргөн, нүдэндээ айдастай зогсч  байжээ. 

Энэ зураг хамгийн анх 2014 оны нэгдүгээр сард Туркийн сонинд хэвлэгдэж, улмаар сошиал медиагаар цацагдан, дэлхий нийтэд тархжээ. Энх цагт амьдарч буй хүүхдүүд гэрэл зургийн камер харахдаа инээлдэн гүйж, элдэв поз аван зогсч, эсвэл нүүрээ нуун инээлддэг.  Тэгвэл бидний хаягдсан эринийхэн хэмээн нэрлэдэг эмгэнэлт хувь заяатай сирийн бяцхан хүүхдүүдийн нэгэн агшин гэрэл зурагт ийн буужээ.

Content


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.