paparazzi.mn
Есөн шид, 13 мэхээ үзүүлнэ
0
2013/08/08

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ойрын үед олны анхаарлын төвд байлгүй “номхон төлөв” байсаар уйдсан бололтой. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулч­лалын яам болон “А-Capella” энтертэйнменттэй хамтран бүх авьяасаа шавхан харуулахаар зоригложээ. Тэрбээр спортын 12 төрлөөр зөв­хөн мастерууд, аваргуудтай нь үзэлцэх гэнэ. Их аваргыг сур хар­важ, усанд сэлж, гүйж, туялзуур сэлмээр тулалдахыг харах сонин л байх. Харин шагай харвах, теннис тоглох, зээрэнцэг шидэх, гар бөмбөг тоглох, загасчлах бол хэн бүхний чөлөөт цагаа өнгөрүүлдэг л хэлбэр болохоор тийм ч сонин биш.


Нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахад хүн чанарын үүднээс “байлцсан”, төд удалгүй “Женко” Х.Баттулгыг даган АН-ын байр руу дагаж алхаад тус намын гишүүн болсон зэрэг цочир үйлдлээс нь түүнийг улстөрч болох нь гэцгээж байсан. Тэгвэл энэ удаад их аварга юу ярихаасаа урьтан юу хийж чаддагаа харуулахаар шийдсэн бололтой. Түүнийг есөн шид, арван гурван мэхээ үзүүлэх дээрх нэвтрүүлгийг фэнүүд нь тэсэн ядан хүлээж буй бололтой. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр түүний ах улсын аварга Д.Сумъяабазар төгөлдөр хуураар симфони аязууд тоглож олныг гайхашруулсан. Хэдийгээр “баавгай хөгжимдсөн” мэт гайхаж байсан ч түүнийг дэмжих саналын тоонд эергээр нөлөөлсөн нь лавтай. Тэгэхээр их аваргын энэ санаачилгад буруутгах зүйл даанч алга. Тэр зөвхөн барилддаг л хүн биш гэдгийг хамтдаа харцгаая.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.